
Гамма спектрометрийн зураглал (судалгаа) нь дэлхийн царцдас дахь чулуулаг болон ашигт малтмалаас ялгарч буй байгалийн гамма цацрагийг хэмжихэд ашигладаг геофизикийн арга юм. Энэхүү арга нь ашигт малтмалын хайгуул, геологийн зураглал болон байгаль орчны судалгаанд онцгой ач холбогдолтой (үр ашигтай) байдаг.
Гамма спектрометрийн зураглал (судалгаа) нь ерөнхийдөө дараах байдлаар хийгддэг.
- Багаж хэрэгсэл (Instrumentation): Гамма спектрометрийн Rs125 нь чулуулаг, ашигт малтмалд агуулагдах цацраг идэвхт изотопуудаас ялгарч буй гамма цацрагийг илрүүлэх, хэмжих чадвартай мэдрэгчээр тоноглогдсон байдаг. Энэхүү багаж нь гамма цацрагийн энергийн түвшнийг тодорхойлж чаддаг Сцинтилляцийн эсвэл хагас дамжуулагч детекторуудыг ихэвчлэн агуулдаг.
- Өгөгдөл цуглуулах (Data Collection): Судалгааны явцад гамма спектрометрийг газраар явж буй хүн биедээ авч явах эсвэл нисэх онгоц, нисдэг тэрэг зэрэг агаар болон газар, автомашинаар, тээврийн хэрэгсэлд суурилуулан ашигладаг. Хэмжилтийг урьдчилан төлөвлөсөн судалгааны шугам эсвэл торлолын дагуу тогтмол давтамжтайгаар хийдэг. Спектрометр нь хэмжилтийн цэг бүрд гамма цацрагийн эрчим болон энергийн спектрийг бүртгэж авдаг.
- Өгөгдөл боловсруулах (Data Processing): Цуглуулсан өгөгдлөөс арын фон (байгалийн) шуугианыг хасах, мөн гадаргуугийн хотгор гүдгэр (топографи) болон агаар мандлын нөлөөлөл зэрэг орчны хүчин зүйлсийг засаж залруулах боловсруулалт хийгддэг. Калий-40, Уран-238, Тори-232 зэрэг сонирхож буй цацраг идэвхт изотопуудтай холбоотой өвөрмөц гамма цацрагийн шинж чанарыг (сигнатур) тодорхойлохын тулд спектрийн анализын аргуудыг ашигладаг.
- Өгөгдлийг тайлах (Data Interpretation): Өгөгдлийг боловсруулж дууссаны дараа хүлээгдэж байсан гамма цацрагийн арын фоноос хазайсан хэлбэлзэл буюу аномалиудыг (гажлыг) илрүүлэхээр тайлалт хийнэ. Эдгээр аномалиуд нь цацраг идэвхт ашигт малтмал байгааг эсвэл сонирхож буй эрдсийн ордод хамаарах цацраг идэвхт изотопоор баялаг геологийн тогтоцыг илэрхийлж болно.
- Зураглал хийх (Mapping): Судалгааны үр дүнг ихэвчлэн контур (изолайн) зураг эсвэл 2D модель хэлбэрээр үзүүлж, судалсан талбайн хэмжээнд гамма цацрагийн аномалийн тархалтыг харуулдаг. Эдгээр зураг нь геологичид болон хайгуулын компаниудад цаашид нарийвчлан судлах, боломжтой талбайнууд (жишээ нь, хайгуулын гол бай уламжнууд эсвэл геологийн аюултай бүсүүд)-ийг олж тогтооход тусалдаг байна.
Гамма спектрометрийн судалгаа нь ашигт малтмалын хайгуулын үнэ цэнэтэй хэрэгсэл юм. Учир нь зарим төрлийн ашигт малтмалын ордууд нь гамма цацрагийн өвөрмөц шинж чанарыг (сигнатур) үзүүлдэг байна. Мөн түүнчлэн энэ аргыг геологийн зураглалд литологийн (чулуулгийн төрлийн) хил заагийг тогтоох, хагарал нугачааг илрүүлэх, Дэлхийн царцдас дахь цацраг ихэвхт элементүүдийн тархалтыг үнэлэхэд ашигладаг.