- Ашигт малтмалын эрэл нь геологи хайгуулын цогцолбор судалгааны ажлын нэгэн хэсэг бөгөөд ашигт малтмалыг илрүүлж, хэтийн төлөвийн үнэлгээ өгөхөд чиглэсэн энэхүү судалгаа нь геологийн зураглал, ашигт малтмалын хайгуулын ажлаас судалгааны объект, эрлийн прогноз дэвшүүлэх хандлага, эрлийн судалгааны арга, аргачлалаараа ялгагдах өвөрмөц онцлогтой.
- Аливаа төрлийн ашигт малтмал нь янз бүрийн геологийн үйл ажиллагааны үр дүнд үүсэн бүрэлдэхдээ гол төлөв газрын хэвлийн гүнд бий болдог бөгөөд энэ нь геологийн хөгжлийн дараагийн үед тектоникийн хөдөлгөөнөөр өргөгдөж, элэгдэл эвдрэлд автан газрын гадаргад ил гарах тохиолдолд байхад ийм үйлчлэлд автахгүйгээр гүндээ үлдэх нь бас цөөнгүй байдаг.

Геофизикийн Хайгуулиар Шийдвэрлэж болохуйц Геологийн Томоохон Асуудлууд:
Геофизикийн хайгуулыг бүх төрлийн хүдрийн ашигт малтмал төдийгүй полиметаллын, сульфидын, зэс-никелийн марганцын хүдрийн, боксит, алтны үндсэн болон шороон ордууд, цагаан алт, гянтболд гэх мэт, мөн кимберлитийн хоолой, алмаазын орд газар, хүрэн болон чулуун нүүрсний ордын судалгаанд өргөнөөр хэрэглэдэг.
Геофизикийн хайгуулын үр дүнгээр ашигт малтмал бүрэлдэх нөхцөл бүхий өөрчлөлтийг, хувирлын бүсийг, шилжилт болон томоохон хагарлуудыг, мөн хүдэр агуулагч хянагч бүсүүдийг судлах бөгөөд хүндийн хүчний орны судалгаа, соронзон хайгуул болон сейсмохайгуулын аргуудтай хослуулан инженер-геологийн дараахь томоохон асуудлуудыг шийдвэрлэх бүрэн бололцоотой.